Үзэх боломжтой газарууд:
ТӨВХӨН ХИЙД
Хархориноос баруун урагш 60 км-т байдаг. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “Дубхан” буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ байжээ. Энэ үг нь явсаар өдгөө “Төвхөн” болсон байна.
Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг харлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ. Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтад авсан ба 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон байна.
ХАР БАЛГАС
Төв Азийн нүүдэлч ард түмний дунд МЭ VIII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду балык буюу нутгийнхны нэршлээр Хар балгас гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд байдаг.
ХАРХОРИН МУЗЕЙ
Төв Азийн нүүдэлчдийн өлгий нутаг Орхоны хөндий нь өнө эртнээс хүн суурьшиж, мал сүргээ адгуулан аж төрж, үеэс үед уламжлан хөгжүүлж ирсэн нүүдлийн өвөрмөц соёл иргэншлийн голомт юм. Малчин удамт нүүдэлчдийн төрт улсаа байгуулж мандан гарсан өлгий нутаг, суут Богд Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт гүрний нийслэл алдарт Хархорумын ариун нандин дурсгалыг хадгалан үлдсэн дэлхий дахины түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалтай байгалийн ил музей билээ.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2010 оны долоодугаар сарын 20–ны өдрийн 340 дүгээр тушаалаар Хархорум музейн анхны захирлаар Ч.Нацагням томилогдож байжээ. Хархорум музей 2010 оны есдүгээр сараас эхлэн бэлтгэл ажил болох үндсэн чиглэлд тусгагдсан үзүүллэгийн агуулга, бүтцэд зайлшгүй байх ёстой үзмэр, эд өлгийн зүйлийг бүрдүүлэн цуглуулах, үзүүллэг зохион байгуулалт, үзмэр дэглэлтийн ажил, тэдгээрийн эрдэм шинжилгээ, уран сайхны болон техникийн төлөвлөлт зэрэг ажлуудийг хийж гүйцэтгэсэнээр 2011 оны зургаадугаар сарын 04–ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн.
ЭРДЭНЭ-ЗУУ ХИЙД
Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт гуравдугаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.
ХАРХОРУМ ХОТ
Хар Хорум буюу Каракорум хот нь Монгол улсын анхны албан ёсны нийслэл юм. XIII зууны үед байгуулагдсан уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үеэр сүйдсэн. Хархорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж, Хубилай хааны үед барьж дуусгажээ.
Тэнд хот суурин анх байгуулагдсан нь VIII зууны (Уйгур улс) үетэй холбогддог. Чингис хааны үед Хархорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ. Хархорумын гол хэрмийг 1232 онд байгуулжээ. Хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг 1235 онд байгуулснаар Хархорум хот улам ч өнгө жавхаатай болсон байдаг. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны VII он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар ХэЛинь (Хархорум) хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, VIII оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сар долон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ёслол үйлджээ.
Ийнхүү Өгэдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад монголчуудын гадна “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хүн” Хархорумыг байгуулахад идэвхтэй ажиллаж байжээ. XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл иргэншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан.